2011-03-31,17:07

Хүүхэд хүмүүжүүлэх аргаа өөрчил

1. Хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь өсгө
Хүүхдийг нялхаас нь эцэг эх бүхий л үйлдлээрээ өөрийн гэсэн төрхийг нь хөгжүүлж ирдэг. Тэгэхээр жижиг ч гэсэн зүйлийг өөрөөр нь хийлгэж дэмжихэд хүүхэд өөртөө итгэлтэй болж, том болж байгаагаа  мэдэрдэг. Хүүхдийг  хэзээ ч  бусадтай харьцуулж болохгүй.  “Ямар тэнэг юм хийдэг юм бэ? Бяцхан дүүтэйгээ адилхан зүйлийг хийлээ” гэх зэрэг үгээр хордуулах арга бүү хэрэглэ. Үнэндээ алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй.

2. Хүүхдийнхээ сайн талыг олж харж хөхүүлэн дэмж
Та хүүхэддээ өдөрт хэдэн удаа сануулга өгдөг вэ?  Дэмжиж сайшаахаас  илүү шүүмжилсэн нь олон байна уу?  Тийм бол  муу талыг нь олж харахаасаа илүү сайныг нь олж хар.  “Хэлүүлэлгүйгээр чи өрөөгөө янзалсан чинь маш сайн” “ Дүүгээ хардаг сайн хүүхэд” гэх мэтээр магтаж, тэвэрч хайрлахад хүүхэд ч бас бусдыг хайрлаж, ойлгож сурна.

3. Сахилга бат  
Гэрт сахилга батыг буй болгох нь хүүхэд өөрийгөө хянаж хариуцлагатай том хүн болоход тусалдаг. Жишээ нь гэрийн даалгавраа хийхээс наана телевиз үзэхгүй л гэсэн бол түүнийгээ заавал биелүүлэх хэрэгтэй.

4. Хүүхэддээ цаг гарга
Өглөө 10 минут өмнө эрт босч хүүхэдтэйгээ цуг хооллох цаг гаргах эсвэл оройн хоолны дараа  хүүхэдтэйгээ хамт зугаалах. Эсвэл 7 хоног бүрийн нэг оройг тусгайлан хүүхэддээ зориулж бай.  Энэ бол завгүй ажилтай ч хүүхэддээ хайртай аав ээж  болгоны  хийж чадах зүйл. 

5. Хүүхдэд үлгэр жишээ үзүүл
Хүүхэд аав ээжээсээ байнга суралцаж байдаг.  Хүүхэд таны үйлдэл болгоныг  харж ажиглаж байдгийг сана.  Хэрэв та бусдыг хүндэлдэг, шударга бас тэвчээртэй байвал тэр ч бас тийм  болно. Бусдаас  хариу нэхэлгүй тусалж бай. Бусдад баяр талархлаа илэрхийлж бусдыг магтаж бай. Хүүхэддээ бусад хүмүүс таньд яаж хандахыг хүсдэг шигээ ханд.

6. Хүүхэдтэйгээ хамтарч шийдвэр гарга
Хүүхэд томчуултай адил тайлбар хүсдэг. Хэрэв тэднийг  хайхрахгүй бол хүүхэд өөрийнх нь үг үнэ цэнэгүй гэж ойлгон, өөртөө итгэлгүй болно. Бэрхшээл тулгарахад  хүүхдийн саналыг сонсч бай.  Түүнтэй харилцан зөвшилц. Шийдвэр гаргахад  оролцсон хүүхэд аливааг биелүүлэн гүйцэтгэх чадвартай болно.

7. Хүмүүжүүлэх аргаа үе үе өөрчил
Хүүхдээс дэндүү их шаардах нь  хүүхдийн урам зоригийг мохоож байдаг. 2 настай хүүхдэд үргэлж “үгүй” гэж хэлэх нь түүнд эргэн тойронд итгэх итгэлийг үгүй болгодог. Хүүхэд өөрчлөгдөж байдаг болохоор  та ч бас хүмүүжүүлэх аргаа байнга өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа өсвөр насны хүүхэд үеийн хүүхдүүд нь маш их нөлөөлдөг гэдгийг сана.  

8. Хүүхэддээ хайртай гэдгээ харуул
Хүүхдийг буруутгах, шүүмжлэх, бурууг хайх нь  хүүхдийн өөрийнх нь  үнэлэмжийг үгүй хийж , доош нь оруулж байдаг.  Харин түүний оронд сайн талыг нь  хөхүүлэн дэмж. Ямар нэгэн зүйл хийхэд нь дараа улам сайжирна гэж  найдаж хүлээж байгаагаа  хэл. Хамгийн гол нь ямар ч алдаа гаргасан өөрт нь хайртай гэдгээ ойлгуулаарай.

9. Төгс хүн байдаггүй
 Төгс хүн гэж байдаггүйтэй адил та ч бас төгс аав ээж биш.  Хүн болгонд сайн, муу тал бий.   Бүх зүйлийн хариулт танд байхгүй нь ойлгомжтой.  Бүх зүйлийг нэг зэрэг өөрчлөхийг хичээхийн оронд сул тал дээр нь эхэлж ажилла. Хүүхдийг хүмүүжүүлэх ажлаас хааяа хөндийрч өөрийн дуртай зүйлээ хий. Энэ нь таныг хувиа хичээсэн хүн болгохгүй. Сайн хувь бие хүн байна гэдэг бас нэг хүүхэддээ үзүүлэх бас нэг үлгэр жишээ.

бичсэн: Монголоороо гоёцгооё төрөл: сурган хүмүүжүүлэх зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 242

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)